5 эмэгтэй 25 нас хүрэхдээ дансандаа хэдийг хадгалж чадсанаа хуваалцлаа




   Мөнгөтэй хүн чөтгөрийг ч өөрийнхөө доор ажил хийлгэж чадна гэсэн үг байдаг. Бодит амьдралд мөнгө бол эрх мэдэл юм. Форт Питт Капитал Группийн санхүүгийн зөвлөх хэлэхдээ 25 настай эмэгтэй хүн хадгаламжын дансандаа 3-6 сарын амьжаргааны зардалтай дүйцэхүйц хэмжээний мөнгийг цуглуулсан байх шаардлагатай гэж үзжээ. Гэсэн хэдий ч, хүн бүрийн орлого, амьдралын хэв маяг өөр өөр байдаг тул хэрэв таны хадгаламжинд юу ч байхгүй бол битгий санаагаар унаарай, учир нь эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.

Хэрэв та үнэхээр цуглуулах гээд ч цуглуулж чаддаггүй бол цалингынхаа данснаас хадгаламжийн дансруугаа сар болгон автоматаар 50000 шилжүүлж байхаар тохируулаарай. 50000 төгрөг их мөнгө биш ч гэсэн алсдаа цугласаар байгаад таньд заавал үр өгөөжөө өгөх болно.


Доорхи нийтлэлд 25 настай 5 эмэгтэй хадгаламжийн дансандаа хичнээн их мөнгө байгаа, хэрхэн хөрөнгө оруулалт хийсэн, мөн мөнгөний талаар илүү сайн мэдэхийг хүсч байгаагаа ил тод өгүүлсэн байгаа. Эдгээр эмэгтэйчүүд мөнгөө хадгалахдаа гаргасан арга бүр нь таны одоо байгаа байдлаас өөр байж болох учир уншаад туршлага судлаасай гэж хүсэж байна.

Эцэст нь эмэгтэйчүүд бид нэг маш чухал зүйлийг эрт ойлгох тусмаа бусдаас түрүүлж алхах болно. Энэ бол гэрлэсэн ч бай, найз залуутай ч бай, баян эцэг эхтэй ч бай хамаагүй эмэгтэйчүүд бид өөрөө өөрсдийнхөө хөдөлмөрөөр олсон, ямар нэгэн шаардлагатай тохиолдолд хэнээс ч гуйхгүйгээр гаргаж ирж болох "нууц хөрөнгөтэй" байх нь маш чухал байдаг юм шүү.

1.   17.850.000

      Цалин: 3.187.500 (сарын)

  "Би гурван жил ажиллаад байрны  урьдчилгаа болох 31сая төгрөгийг цуглуулж чадсан. Би маш олон аз жаргалтай гадуур найзуудтайгаа орой болгон уулзаж, хоол идэж, наргиж цэнгэж, гадаадад аялаж явах боломж мөчүүдээ золиослосон. Тэгэхдээ би одоо гайхалтай хоёр өрөө байранд амьдарч байгаа маань золиослосон болгоныг минь мартуулж аз жаргал бэлэглэдэг."

Мөнгө цуглуулсан арга:

 "Би iPhone дээр Goodbudget app татаж ,мөнгөний дадал зуршилаа хянахын тулд ашигладаг. Би төсөв зохиож, янз бүрийн ангилалд  тохирсон хэрэглэж болох мөнгөө бичээд, зардлаа бүртгэж, өөрийнхөө хязгаарт хүрсэн, эсхүл хэтэрсэн эсэхийг амархан харах боломжтой байдаг. Ням гарагийн үдээс хойшхи цаг миний орлого зарлагаа хянаж суудаг өдөр болон хувирсан."

Мөнгө цуглуулдаг зуршилдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

"Би гурав дахь ажилдаа орохоосоо өмнө анхны ажилдаа орсноосоо эхлээд тэтгэвэрт зориулж хуримтлуулж эхэлсэн ч болоосой гэж харамсдаг. Хэрэв би өмнө нь тэтгэврийн данс нээлгэж байсан бол одоо байгаагаасаа илүү их мөнгөтэй тэтгэвэрт гарах байсан байх. Тэтгэвэртээ суугаад авах цалингаа бид бүр эртнээс л төлөвлөх хэрэгтэй гэж санагддаг. Бид эрт эхлэх тусам дараа нь илүү их мөнгө байх болно шүү дээ." -Э,  25нас


 2. 5.395.800

Цалин: 2.550.000 (сарын)

"Жилийн өмнө би хадгаламжиндаа 25 сая төгрөгтэй байсан юм. Гэхдээ шинээр бизнес эхлүүлсэн учраас хамаг мөнгөө шавхчихсан. Бас жижиг машин авсан болохоор энэ данс бараг юу ч үгүй байгаа биз. Тэгэхдээ л одооноос буцааж цуглуулж эхлэхгүй бол ардаа мөнгөгүй бизнес эрхэлнэ гэдэг маш эрсдэлтэй шүү дээ."

Мөнгө цуглуулсан арга:

"Би дансандаа зайлшгүй юм шигээр бодож мөнгө хийдэг. Хадгаламжийн дансанд мөнгө байршуулах нь миний утасны төлбөр эсвэл хоол хүнс худалдаж авахтай адил зайлшгүй байх ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл сэтгэлгээндээ ийм зуршлыг аль хэдийнэ суулгачихсан гэсэн үг"

Мөнгө цуглуулдаг зуршилдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

"Би илүү их цалинтай ажил хийхийг хүсэж байна. (инээв) Хэрвээ тэгвэл мэдээж илүү их хадгалана шүү дээ. Бас би бизнесээ тогтвортой болоод эхлэхээр нь тэтгэврийн хадгаламж эхлүүлэх ёстой юм шиг санагдаад байгаа. Тэгэхдээ одоогын байдлаар бизнесээ тогтвортой болгохын төлөө л явж байна даа."    -С, 25нас


3. 28.050.000 

Цалин: 14$ цагийн, өдөрт 11-12 цаг ажилладаг(АНУ-д амьдардаг)

"Би дансандаа дунджаар 17-25 сая төгрөгтэй байхыг эрхэмлэдэг. Би Монголд байгаа ээждээ мөнгө явуулж бас өөрөө ч хууч өвчтэй болохоор ямар нэгэн гэнэтийн зүйл болохоос урьдчилж бэлэн хадгаламжтай байдаг. Бас би Монголдоо очоод амьдрахад бэлэн гээд байрныхаа урьдчилгаа мөнгийг төлчихсөн. Хүний нутагт амьдарч байгаа учраас байрны сарын түрээс, хоол, мөн эрүүл мэндийн даатгал гээд их зардалтай байдаг. Хэрвээ Монголдоо ийм цалинтай ажилладаг байсан бол одоо байгаагаасаа ч их мөнгө цуглуулах байсан байх."

Мөнгө цуглуулсан арга:

"Би машингүй байгаа нь маш их мөнгө хэмнэж байгаа юм шиг санагддаг. Машин аваад, тэрнийхээ сэлбэгийг авна, бензин хийнэ, даатгал төлнө, татвар төлнө бас манай ажлын газрийн гадаах зогсоол сарын 200$ гэдэг. Үүнээс гадна би төлбөрөө байнга бэлнээр хийдэг. Ингэх нь цахим орчноор эсвэл картаар дамжуулж хий дэмий мөнгө үрэхгүй өөрийгөө хянахад минь тусладаг."

Мөнгө цуглуулдаг зуршилдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

"Би хоол хүнс, нүүрний будаг болон бусад жижиг худалдан авалтаа багасгах боломжтой байсан болоосой гэж хүсдэг. Би хэмнэлттэй байхыг хичээдэг ч цалин бага байхад мөнгөө маш нягт хянах нь хэцүү санагддаг."   -Л,   25нас

4. 76.500.000

Цалин: 4.250.000 + (5.000.000)жижиг сажиг хамтран ажиллах санал

"Миний хадгаламжын ихэнхи хувь нь өвлөгдөж ирсэн мөнгө. Бас сар болгон цалингынхаа 2 хувийг тэтгэврийн данс руугаа шилжүүлэхээр тохируулчихсан. Үндсэн ажлын минь хажуугаар маш олон ажлын санал орж ирдэг учраас тэр мөнгөө бас цуглуулаад үзэхэд үндсэн цалингаас минь хааяа давдаг (инээв)"


Мөнгө цуглуулсан арга:

"Би цалин орж ирэх бүрт хадгаламжийнхаа данс руу автоматаар 30%-ийг нь шилжүүлдгээр тохируулчихсан. Ингэхээр маш амар, өөр илүү мөнгө байгаа ш дээ гэж бодохгүйгээр яг үрэх ёстой хэмжээндээ үрдэг. Би бас өмсөхөө больсон, эсвэл бэлгэнд авсан ч өөрөө хэрэглэдэггүй зүйлсээ зарахаар хөөрхөн мөнгө босоод ирдэг. Мөнгөө хянахдаа би Mint гэдэг app ашиглах дуртай."

Мөнгө цуглуулдаг зуршилдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

"Миний сул тал бол гоё амттай хоол, гоё гэсэн бүх зүйлс. Хэрвээ би шантрахгүйгээр эдгээр зүйлсийг ахиад жаахан л хязгаарлачихвал, цуглуулсан мөнгөөрөө мөрөөддөг аялалдаа гармаар л байна."   -Х, 25нас


5.    556.000

Цалин: 1.912.500

"Миний хувьцааны дансанд 20 орчим сая төгрөг байгаа. Би зүгээр л мөнгө нь өсөхгүйгээр байж ; байдаг хадгаламжинд мөнгөө дэмий байлгах дургүй. Оронд нь хөрөнгө оруулж алдаж онож байх нь илүү сонирхолтой санагддаг."

Мөнгө цуглуулсан арга:

"Миний цалингийн 10 хувь нь хадгаламжийн дансруу автоматаар шилждэг. Ингэх нь их амар байдаг. Учир нь дансанд мөнгө харагдаж л байвал аль болох үрчих гээд байдаг юм. "


Мөнгө цуглуулдаг зуршилдаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?

"Заримдаа хоол идсэний дараа төлбөрийн баримт утсанд ирэх болгонд гадуур хооллодог зардлаа танах юмсан гэж боддог. Тэгэхдээ сар болгон илүү их мөнгө хадгалья гэхээсээ илүү орлогоо нэмэхийг илүүд үздэг. "-С, 25нас



Comments

Popular Posts