А.Урангоо: "Аль алийг нь зохицуулж чаддаг тийм л эмэгтэй жинхэнэ үнэ цэнэтэй, сайхан эмэгтэй"


Манай уншигчдын хүсэлтээр ярилцлагын булангийн хамгийн анхны зочноор “UA properties” үл хөдлөх хөрөнгийн компаний захирал А.Урангоо хэмээх бүсгүйг урьж оролцууллаа. Тэрээр АНУ-ын Колорадогийн их сургуулийг улс төр судлалын чиглэлээр төгссөн ч гэсэн одоо Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн нэгэн гол нүүр царай болж яваа эмэгтэй билээ.




-Өглөө хэр эрт босдог вэ? Заримдаа эрт босч чадахгүй байхдаа яаж өөрийгөө эрчимжүүлж сэрээдэг вэ?

   Өглөө 8 цагт тогтмол сэрдэг ч гэр бүлийн өглөөний цай, өөрийгөө бэлдэх, хүүхдүүдтэйгээ жаахан цуг байх, хааяа өглөөдөө гүйх гээд ажилдаа 10,11цаг гэж ирдэг. Эрт босч чадахгүй байна гэж бараг байхгүй дээ, хэвшсэн зүйл. Би ээж болохоосоо өмнө их бага унтдаг байсан. Одоо харин бас биеэ, арьсаа, хоол боловсруулах систем, ажлын ачаалал гээд өөрийгөө амрааж нойронд ач холбогдол өгөх ёстой юм байна гэж бодох болсон. Тэртээ тэргүй өдөр тутмын маань ажлууд намайг хангалттай өндөр ачаалалд оруулдаг.

-Өөрийнхөө нэг өдрийн талаар яриач? Мөн өдрийг ихэвчлэн хэрхэн төлөвлөдөг вэ?

   Борлуулалт төвтэй 12 ажилтантай жижиг бизнэс эрхэлдэг болохоор энгийн хүний нүдээр харвал яг л галзуу юм шиг ажилдаг. Анхнаасаа л ажлыг ийм гээд хүлээгээд авсан болохоор хэцүү санагдахаа ч больсон, ачааллаа даагаад тэр нь гарт орчихсон. Өдөрт 100 дуудлагад хариулах, хотыг өдөрт 3 тойрох бол миний хувьд хэцүү ажил огт биш, өдөр болгон л ингэж өнгөрдөг. 1 цагаас өмнө өдрийн хоолоо идэхийг хичээнэ. Орой гэртээ хоолоо хийхийг хичээдэг. Би ер нь тийм хурдан түргэн хүн. Уйлах, инээх, ярих, бичих, шийдэх бүх юм хурдан.

-Хүн болгонд эрүүл амьдралын хэвшил гэж байдаг. Та өдөр тутамдаа хэвшүүлсэн дадал зуршлаасаа хуваалцаач.

   Өглөө болгон бага хэмжээны шар тос усанд хийгээд уудаг. Учир нь цэвэр тос биед ороход надад дутагдаж байгаа бүхий л эрдэс бодис  амин дэмүүдийг нөхөж өгдөг. Ийм болохоор би витамин бараг хэрэглэдэггүй. Манайх гэр бүлээрээ кофе, сүүтэй цай, энгийн цай ч хэрэглэдэггүй. Нөхөр, хүүхдүүд маань дандаа ус уудаг.
  Даршилсан өргөст хэмхээс бусад төрлийн даршилсан нөөшилсөн хүнс, цагаан гурил, хийжүүлсэн ундаа худалдаж авдаггүй. Баннд удаан ордог, 7 хоногтоо нэг өдөр мацаг барьдаг, влог үзэж өглөөдөө гүйлтийн зам дээр алхах нь миний хамгийн дуртай зүйл. Ээж маань өөрөө талхны хөрөнгөөрөө талх барьж бас ясны шөл гаргаад өгдөг. Шуудхан санаанд орж байгаа нь энэ хэд байна.

-Эмэгтэй хүний үнэ цэнэ гэж юу вэ? Юунд оршдог гэж 
боддог вэ ?

  Миний хувьд ямар эмэгтэй хүнийг би гоё эмэгтэй хүн гэдэг вэ гэхээр “сайн ээж байх ухаантай, биеэ гоё авч явдаг байх ухаантай, сайн эхнэр байх ухаантай, ажил карьераа алддаггүй байх ухаантай, эрүүл байх ухаантай ” ийм л хүнийг би мундаг, үнэ цэнэтэй эмэгтэй гэж хардаг. Тэрнээс зөвхөн гоо сайхнаа тордоод бусдыг нь торддоггүй ч юм уу эсвэл нэг л сайхан айлын эхнэр байгаад байдаг гэхдээ ямар ч хувийн каррьер байхгүй ч юмуу ийм эмэгтэй хүмүүстэй надад ярих ч юм олддоггүй.
  Гэртээ хүүхдээ хараад л байж байдаг эмэгтэйчүүдтэй уулзаад “Сайн уу , хүүхэд нь сайн уу ” гээд л өөр ярианы сэдэв олдохоо байчихдаг. Тийм болохоор би аль алийг нь зохицуулж чаддаг тийм л эмэгтэйг жинхэнэ үнэ цэнэтэй, сайхан эмэгтэй гэж боддог.



-Эрэгтэйчүүд давамгайлсан салбарт эмэгтэйчүүд яаж амжилттай байх вэ ?

   Маш их мэдээлэлтэй байх ёстой. Орчин үед бидний амьдарч байгаа нийгэм интернэт сүлжээтэй салшгүй холбоотой. Жишээ нь бид хоёр facebook, instagram дээр яг ижилхэн хугацаа зарцуулдаг гэж бодъё. Тэгэхэд бусад хүмүүс ихэвчлэн хүмүүсийн юмыг уншиж цагийг өнгөрөөдөг бол би тэрийг нь “ашигладаг”. Манай компаний үйл ажиллагаа social-той 100 хувь хамаатай байдаг. Тэгсэн мөртлөө бид энд хамгийн багадаа 1 тэрбум төгрөгийн борлуулалт хангалттай хийж байдаг. Түгжрэлд эсвэл унтхаасаа өмнө хүмүүс facebook уншиж байхад би энд аль зарыг ямар хүмүүсд яаж хүргэх вэ гээд байж байдаг. Бизнес эрхлэх гэж байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд, нөлөөлөл, network (сүлжээ) үүсгээд тэрэн дотроо нөлөө үүсгэж чадна гэдэг нь хамгийн чухал зүйл. Би загвар өмсөгч биш , намын гишүүн дуучин биш, олны танил биш би зүгээр л монголд байгаа 33 настай эмэгтэй өөрийнхөө бий болгосон сүлжээнд бүх борлуулалт, ажил амьдралаа холбосноор өнөөдөр өөрийгөө хүссэн амьдралаар амьдраад болж байна шүү дээ. Би хүссэн бүхнээ худалдаж авах, хүссэн газар луугаа  явах, хүссэн зүйлээ хийх бүх боломж надад байдаг. Ганцхан надад цаг зав л байхгүй байна. Автоматжуулах болон системжүүлэх тухай л бодоод байна.

-Таньд урам авдаг эмэгтэй байдаг уу? Тэр эмэгтэйгээсээ суралцаж байдаг дадал зуршил юу вэ?

    Миний зан чанар нь гадагшаагаа чиглэсэн extrovert төрлийн хүн. Сэтгэл хөдлөлөө, хэлэхийг хүссэн зүйлээ шууд л ил гаргачихдаг “өгөх ” хуваалцах дуртай хүн. Нээх шүтээд бишрээд байх хүн бараг байхгүй, яагаад гэвэл бүх хүн өөр. Би ер нь тийм гоё юманд их татагддаг хүн. Гоё уран зураг, сайхан бүтээл, гоо үзэсгэлэн, гоё загвар, гоё хоол, гоё хөгжим гээд л. Би Chrissy Teigan, Bagsnob, Garyvee, Kseniiaburda, LeylaMilani, Sarah Jessica Parker, OliviaPalermo, AizelTrudel, RyanSerhant, Shivasafai, CarolineStanbury нарыг тогтмол дагаж үздэг.


-Ээж байх бас амжилттай эмэгтэй байх хоёрыг хэрхэн хослуулдаг вэ? Аль нэгээс нь болж нөгөөг нь золиослох шаардлага гарч байсан уу?

    Ер нь бол хүн амжилттай байхын тулд мөнгө зарж сурдаг юм билээ.  Зарим нэг ажил хийдэггүй хүмүүс цаг хугацааг тийм ч чухал биш гэж боддог. Гэтэл зөв цаг үедээ хийсэн үйлдэл биднийг амжилтанд хүргэдэг. Тэгэхээр өөрийн ид залуу насан дээрээ бид ачааллыг авч дааж сурах хэрэгтэй юм байна лээ. Өөрийнхөө амьдралын циклыг тооцоод ажиллах үедээ тултал ажиллаад амрах аялах үедээ амрах, юунд цаг зарцуулах уу зарцуулахгүй юу гэдгээ шийдэх, яаж товчлох уу гэдэг арга ухаанаа амьдралынхаа хэмнэлээр олчихоор хослуулж болно доо. Би энэ дэлхийн дээр байгаа ганцхан ээж биш шдээ, бүгд  л зохицуулж байгаа.
    Ээжүүд тэгэхдээ хүүхдүүдээ маш сайн анзаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхэд асрагчтай ээжүүд. Миний хүүхэд хаашаа яаж хөгжиж байна, юун дээрээ авьяастай байна гэх мэт. Би хүүхдүүдээ тоглож байхад нь анзаарч суух их дуртай. Ашгүй тоглоод саатаад байна гэхээсээ илүү тоглох арга барил, харилцаа, хөгжил гээд л. Манай охин хөлнийхөө бүх хуруун дээр тогтож чаддаг юм байна лээ. Би тэрийг өчигдөр л мэдлээ. Тийм байдлаар гэртээ байхдаа хүүхдүүддээ тултал нь цагийг зарцуулаад ажил дээрээ ажилдаа цагаа сайн зарцуулах нь зөв гэж боддог. Би энэ дэлхийн хамгийн сайн ээж болж чадахгүй ч би хүүхдүүдээ өөрийгөө танихад нь хамгийн сайн тусалсан ээж болох юмсан гэж боддог.

-Эрэгтэй хүнийг ямар шинжтэй байгаасай гэж хүсдэг вэ?

    Миний нөхрийн намайг татсан нэг шинж нь үг үйлдэл хоёр нь ерөөсөө зөрдөггүй. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүний хамгаалалт шүү дээ. Хамгаалалт нь зөрөөд зөрчилдөөд байвал амьдрал утгагүй болоод ирнэ. Мөн бид хоёр бие биенийхээ дутууг нөхдөг. Би нилээн гадагшаа хүн бол манай хүн нилээн дотогшоо болохоор ямар нэгэн зүйл цуг хийхэд гэр бүл дээр ч ажил дээр ч маш сайн хамтрагчид болдог. Би эмэгтэй хүний араас хэт гүйдэг эрэгтэй хүмүүст дургүй. Яагаад ч юм цаанаасаа ийм эрэгтэйчүүдэд татагддагүй. Манай найз охидууд “Манай нөхөр жирэмсэн байхад миний хөлийн хумсыг авч өгөөд…”гээд л ярьдаг. Миний хувьд эрэгтэй хүн миний хөлийн хумсыг авч өгнө гэхээр нэг л эрэгтэй хүн биш юм шиг санагддаг.

-Хэзээ нөхрийгөө энэ л миний жинхэнэ амьдралын хань юм байна даа гэж мэдэрсэн бэ?

     Хүүхдээ гаргасны дараа. Хүүхэд гаргах хүртлээ бид хоёр нилээн удаан үерхэж байгаад нэг мэдсэн жирэмсэн болсон байсан.  Бид хоёр одоо хүртэл хуримаа хийгээгүй байгаа. Учир нь жил дараалж төрөөд одоо л хүүхдүүд маань овоо болж байна. Хурим төлөвлөх завдал ч болсонгүй, тэгэхдээ бид 2 далайн эрэг дээр хийнэ гэдэг дээрээ тохирсон байгаа.  Жирэмсэн болсон үедээ хүн гэнэт боддог юм байна лээ. Юу болж байна аа, ингээд л ээж болчих юм байхдаа, найз залуу маань аав нь болох нь гээд л их юм бодож эхэлсэн. Тэгээд л хүүхэд гарсны дараа жинхэнэ эхнэр нөхрийн харилцаанд ороод хэн нь ямар үүрэг хариуцлагатай гэдгээ мэдээд эхлэхэд би үнэхээр сайн хүнтэй учиржээ, чиний хэлдэгээр жинхэнэ амьдралын минь хань энэ хүн юм байна гэж мэдсэн дээ.

-Урт удаан хугацааны харилцааг бий болгохын тулд хоёр талаас юуг анхаарах ёстой гэж боддог вэ ?

    Цагийг их өнгөрүүлэх хэрэгтэй, маш олон зүйлийг хамтдаа хийж үзэх хэрэгтэй, асуудлуудын ард цуг гарч үзэх хэрэгтэй. Тэрнээс амьдралд янз бүрийн асуудал гарч ирэхгүй бол хүмүүс урсгалаараа ”өнөөдрийн цалин болж байна, өнөөдрийн амьдрал болж байна” гээд яваад л байдаг. Нөхөр бид хоёр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг, манай нөхөр хөрөнгийг гаргаж би борлуулалтыг хийдэг болохоор бид 2 ажил амьдрал дээр маш сайн партнерууд. Бүх зүйлийг хамтдаа шийдэж, хамтдаа даван туулж байх хэрэгтэй юм болов уу тэгэж байж хүн хүнийхээ үнэ цэнийг мэддэг юм байна лээ.

-         Таны амьдралд гүн нөлөө үзүүлсэн ном байдаг уу ?

    World is Flat гээд ном байдаг. Колорадо-ийн их сургуульд хичээл дээр маань уншуулж байсан. Номны гол санаа нь дэлхий глобалчлал, хичээл дээр академик боловсролын дагуу уншуулаагүй бол би өөрөө авч бол уншихгүй байсан байх. Waffie Factory гээд ширээний маань ном бас байна. Заримдаа сошл медиа дээр тэглээ ингэлээ гээд ганц нэг шүүмж ирдэг юм. Тэр хүмүүс энэ номыг уншаасай гэж боддог. Энэ 2 ном 2уулаа боловсролын системд орчихсон ном.

-Хүн болгонд шантрах үе байдаг шүү дээ. Тэр үеийг яаж даван туулж гардаг вэ ?

     Надад саяхан яг ийм маш том цохилт болох үйл явдал болсон л доо. Ерөөсөө л амжилттай ажиллах хэрэгтэй. Хүн чиний итгэлийг алдаж, үнэ цэнэтэй зүйлийг чинь булааж, магадгүй чамайг орхиод явах ч үе гарч болно. Хамгийн сайн өшөө авалт бол АМЖИЛТ гэдэг шүү дээ. Тэгэхдээ чи өөрөө бас хүчтэй байх хэрэгтэй. Сайхан унтаж амраад цэгцтэй бодох хэрэгтэй. Хэн ч ч чиний зориг, тэвчээр, хүсэл мөрөөдлийг чамаас авч чадахгүй.

-Манай уншигчдын дундаж нас нь 18 нас. Та 18 настай өөртөө юу гэж хэлэх байсан бэ ? Мөн энүүгээрээ өсвөр насныханд хандаж юу гэж зөвлөх вэ?

     18 настай өөртөө зөвлөгөө өгнө гэвэл мөнгөтэй бол гэж зөвлөнө. 18 наснаасаа эхлээд өөрийгөө ачаалалд оруулаад, өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх хэрэгтэй. Ер нь амжилтанд хүрсэн ихэнхи хүмүүс багаасаа л хөдөлмөрлөсөн байдаг. Дараачийн зөвлөх зүйл нь ялангуяа эмэгтэй хүмүүст хэлэхэд эрүүл бай, эрүүл амьдралын хэвшлийг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Одоо бид 30 нас гараад нэгэнт амьдралынхаа хэмнэлийг олчихсон үед буцаад эрүүл амьдрал руу шилжихэд маш их хугацаа зарцуулна. Тиймээс залуу байгаагаасаа л эрүүл хоол идэж, дасгал хөдөлгөөн хийх зуршлуудыг л амьдралдаа хэвшүүлээрэй. Хамгийн сүүлд нь 10 жилийн дараа ч юмуу харамсахгүй байхын тулд  муу зуршил байдаг бол эртхэн л салахыг хичээгээрэй гэж хэлмээр байна.

Comments

Popular Posts